Санжаасүрэнгийн Зориг
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Санжаасүрэнгийн Зориг (1962 - 1998 оны 10 сарын 2) нь Монголын улс төрч байв. Тэрээр ардчилсан хувьсгалын хөдөлгөөны удирдагчдын нэг байлаа.
Агуулга |
[Засварлах] Амьдрал
[Засварлах] Зориг ба Ардчилсан хувьсгал
Санжаасүрэнгийн Зориг нь 1989 онд Монгол Улсын Их Сургуулийн магистрант байхдаа ардчилсан хувьсгалд оролцож, лидерийн үүрэг гүйцэтгэсэн. Сүхбаатарын талбай дээр болж байсан цуглаануудад Монголын Ардчилсан Холбооны зохицуулагчийн хувиар микрофон барин үг хэлж, иргэдийг өөрчлөлтөд уриалж байв. 1990 оны 3 сард түүний хүчин зүтгэлээр тэр үеийн эрх баригч Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголын түүхэнд шинэ үе эхэлсэн билээ. 1990 оны 6 сард Монголд явагдсан анхны чөлөөт ардчилсан сонгуулиар Улсын Бага Хуралд сонгогдож, дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Монголын Ардчилсан Намаас нэр дэвшсэн боловч хөдөөнөөс сонгогдсон депутат олонтой Ардын Их Хурлын депутатууд малчдын амьдралыг мэдэхгүй гэсэн шалтгаанаар хөдөө төрж өссөн Р.Гончигдоржийг сонгосон байдаг.
Тэрээр 1992, 1996 оны сонгуулиар Улсын Их Хуралд сонгогдож, Ардчилсан Холбоо эвслийн хоёр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байв.
[Засварлах] Хэлмэгдэл
1997 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар сөрөг хүчин болох Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшсэн Н.Багабанди ялав. 1998 оны 6 сард банкны хямралыг гэтлэхийн тулд улсын өмчийн Сэргээн Босголт Банкийг хувийн Голомт банктай нэгтгэх шийдвэр гаргасан хэмээн сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулж, Элбэгдоржийн засгийн газар огцорлоо. Дараагийн ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг ерөнхийлөгч Багабанди тухай бүрт нь янз бүрийн шалтгаанаар буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд ерөнхий сайдыг томилж чадаагүй юм. Элбэгдоржийн засгийн газрын гишүүд үүрэг гүйцэтгэгч гэсэн тодотголтойгоор 4 сар ажиллаж байсан тэр үед буюу 1998 оны 10 сарын 2-нд Зориг гэртээ маш олон удаа хутгалуулж амь үрэгдэв.
3 хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглаж, бүх нийтийн гашуудал зарлаж байлаа.
Түүнийг эрх баригч эвслийнхэн ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхээр ерөнхийлөгчтэй зөвшилцөх гэж байсан гэсэн яриа бий. Ямартай ч Монголын ард түмэн энэ хэргийг улс төрийн аллага байсан гэдэгт итгэлтэй байдаг. Уг хэрэг нь амьд гэрч (эхнэр Булган) үлдээсэн боловч өдийг хүртэл илрээгүй. Зоригийн аллагатай холбогдуулж олон хүнийг сэжигтнээр татаж байсан боловч хэн нь ч тус хэрэгт холбоотой нь нотлогдоогүй аж.
[Засварлах] Түүнтэй холбоотой зүйлс
- Түүний ээж Доржпалам нь Сэрэлт киноны гол дүр болох орос эмчийн дүрийг бүтээсэн, орос аавтай хүн байлаа.
- Зориг сайд байхдаа согтуудаа Төрийн ордны цонхоор бие зассан хэмээн Монголын хэвлэлүүдээр шуугиж байв.
- Иргэний Зориг Нам нь Зоригтой хамтран зүтгэж явсан нөхөд болон түүний дүү С.Оюуны байгуулсан, Зоригийн үйл хэргийг үргэлжлүүлнэ хэмээн зорилгодоо тусгасан нам юм.
- Тэрээр шатар тоглох маш дуртай байсан бөгөөд Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашиж байв.
[Засварлах] Хэлсэн үг
- Би монгол хүний саруул ухаанд итгэдэг
- Бидний хувь заяа бидний гарт л байна