Омар Хаяам
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Гияс ал-Дин Абу ал-Фатх Омар ибн Ибрахим Хаяам Нишабур буюу Омар Хаяам (1048 оны 5 сарын 18, Нишапур, Перс – 1131 оны 12 сарын 4) бол персийн яруу найрагч, математикч, гүн ухаантан, одон орон судлаач байв.
Рубай хэмээх уран яруу, утга гүн дөрвөн мөрт шүлгүүдээ Хаяам перс хэлээр, бясалгал эргэцүүллээ арабаар бичдэг байсан гэдэг.
Жирийн ваарчны хөвүүн тэрбээр олон талт авъяас чадварынхаа ачаар ноён шиг чинээлэг амьдарсаар хорвоог орхисон байна. Хаяам алгебр, геометр болон бусад шинжлэх ухааны салбаруудыг гүнзгий мэддэг, олон бүтээл туурвисан гарамгай математикчдын нэгэн байсныг түүхчид тэмдэглэж үлдээсэн буй.
Байгаль дэлхий, од гариг, орчлон ертөнц, эгэл бөөмс, бүсгүй хүний гоо сайхан, хөдөлмөрийн тэмцэл, үхэл мөхөл, төрөх үүсэх, үнэн худал, архи дарс гээд "рубай" дөрвөн мөртүүдэд хөндөгдөөгүй сэдэв ховор бөгөөд тэр бүгдээр дамжуулан Хаяам өөрийн өвөрмөц философи, далд мэдрэхүй, эрх чөлөөт сэтгэлгээгээ яруу сайхнаар илэрхийлжээ.