Карл Фридрих Гаусс
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Гаусс.К /1777-1855/ <<Математикчдийн хаан>> хэмээн алдаршсан агуу их математикч Карл Фридрих Гаусс Германы Брауншвейг хотод усан хоолойн мастерынд төржээ. Эцэг нь тоо бодлогод цээжтэй гэгдэж, зарим чухал тооцооны ажил гарахад уригдаж, залагддаг байв. К.Гауссын авьяас билэг бүр багаас нь тодорсон бөгөөд “Би ярьж сурахаасаа өмнө тоолж сурсан” гэж хожим нь тэр хэлж байжээ. Нэг удаа эцэг нь хөлсний чулуучидаар ажил хийлгэн төлөх хөлсийг бодож, мөнгийг олгох гэтэл хажууд нь зогсож байсан 3-хан настай Гаусс: - Аав та эндүү бодов бололтой, төдий байх ёстой бишүү? Гэж дуугарчээ. Эцэг нь бяцхан хүүгийнхээ үгэнд үл итгэсэн боловч тооцоог бодож үзээд буруу бодсоноо ухаарсан гэдэг. Ингэж Карл Гаусс 3 настайдаа 6-р ангийн хүүхдүүдэд хүнддэх бодлого бодож чадсан байжээ. Сургуульд орсон цагаас шаал хүүгийн авьяас билэг улам тодорч багшынхаа гайхшилыг төрүүлжээ. Нэг удаа багш нь 1-100 хүртлэх тооны нийлбэрийг ол! Гэсэн бодлогыг сурагчдаар бодуулахаар өгүүлбэрийг хэлж дуусмагц: - Би бодчихлоо гэж Карл дуугарчээ. –Карл сайн бод. Ийм хүнд бодлогыг тийм хурдан бодох нь худал гэж хэлсэнээ, - За яахав, үзэе. Буруу бодсон байвал уу! гээд ташуур саваагаа бэлтгэн барьжээ. Гэтэл Карл энгийн бөгөөд гайхалтай аргаар маш зөв бодсон байсанд багш нь гайхаж: - Карл! Бодсон аргаа нөхөддөө хэлж өг гэжээ. Карл тайлбарласан нь: - Сайн ажвал маш хялбархан бодогдох байна. Тийм учираас 100+1, 99+2, 98+3 гэх мэт хослоход дор бүрийдээ 101 гэсэн нийлбэр гарна. Ийм хослол нь 50 давтагдах учир бүх нийлбэр нь 101*50=5050 гэж Кард хүү боджээ. К.Гаусс хичээлдээ төдийгүй эртний болон Европын хэд хэдэн хэлэнд хурдан бөгөөд гаргууд сайн суралцаж 1795 онд дунд сургуулийг төгсөөд Гёттингенийн Сургуульд оржээ. Эхний жилд тооны ухаан, хэл бичгийн ухаан 2-ын алыг сонгохоо мэдэхгүй байв.Гэвч И.Ньютон, Ж.Лагранж, Л.Эйлер нарын агуу их бүтээлүүдтэй танилцжээ. Тэгээд математикийн судалгааны тодорхой үр дүнд хүрч, зөв 17 өнцөгтийг гортиг, шугамын тусламжтайгаар байгуулж болох тухай нэртэй нээлт хийж, х17-1=0 гэдэг тэгшитгэлийг бодсоныхоо дараа 19 настай Гаусс сая математикч болохоор зориг шулууджээ. Энэхүү нээлт К.Гауссын нэрийг гайхам өндөрт өргөсөн бөлгөө. Тэгээд ч тойрогт багтаасан 17 өнцөгтийг хожим хөшөө дурсгал дээрээ гэрээсэлснийх нь дагуу хийж байсан түүхтэй ажээ. Тэрээр 1807 оноос эхлэн Гёттингенийн Их Сургуульд математик, астраномын тэнхимийг толгойлж, насан туршдаа энэ ажлаа хийжээ. Тэрээр математикт дээд алгебр, магадлалын онол, тооны онол зэрэг тулгуур нээлт олныг хийсэн бөгөөд К.Гауссын оролцоогүй математикийн салбар ер нь ховор юм. Иймд тэр үед математикийн талаар нээлт хийсэн хүн бүхэн бүтээлээ түүнд элгээдэг, Гаусс зөвшөөрвөл сая хүчин төгөлдөр болдог байжээ. К.Гаусс зөвхөн математикч байсангүй бас байгалын шинжээч, астраномич, геометрч, геодезч, цахилгаан ба соронзоны онолч байв. Тэр дэлхий дээр анх удаа соронзын онолыг үндэслэсэн байна. К.Гаусс “Арифметикийн судалгаа”, “Огторгуйн биетийн хөдөлгөөний ололт” зэрэг алдартай номууд бичиж үлдээжээ. Суут математикч 78 насандаа ертөнцийн мөнх бусыг үзсэн боловч Шинжлэх Ухаанд Түүний нэр мөнхжиж, хүн төрлөхтний бахархал болон үүрд дурсагдсаар байна.